ЗАЛУУ НАСНЫ ГОО ҮЗЭСГЭЛЭН


                                                                         Залуу нас-гоо сайхан

 Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж,  бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж , амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус энэ насаа үлдсэн бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайхан зарим бүсгүйчүүд үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө " үнэ хүргэн "  худалдаж, " үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь"  ч бас бий.
  Залуу нас гоо-сайхнаа өнө мөнхийн юм шиг санаж өөрийгөө хуурах аваас амьдралын амт шимт нь бал бурам бус гашуун чинжүү болон хувирдаг. Залуу нас гоо сайхан мөнхийн биш гэдгийг та нарын төлөө үглэж учирлаад байгаа аав ээж, ах эгч чинь биеэрээ нотолж байгаа юм. Тэд ч бас залуу ахуйдаа та нараас илүү нь үгүй гэхэд дутуугүй сайхан , царайлаг бас цог золбоотой явсан хүмүүс. Тиймд ч тэдний чамд хандан сануулж учирлах үг бүхэн нь амьдралын ухаан бас туршлага нь юм шүү дээ. Залуу нас -гоо сайхан мөнхийн бишээ.


                                                                               Залуу нас-гоо сайхан

  Залуу насны гоо-үзэсгэлэн, авьяас билэг, хүч чадал бүхэн тэнгэрийн хишиг. Энэ бүхэн жаргаж байгаа нар шиг, цахилж яваа гөрөөс шиг, нумнаас тавьсан сум мэт нэг л мэдэхэд өнгөрнө. Дэлбээлж байгаа цэцэг шиг мандаж байгаа нар шиг, Тэнгэрт татсан солонго шиг үлгэрийн мэт энэ сайхан насандаа өөрийгөө нээж, өөрийн үнэ цэнээ бий болгож ав. Үүний төлөө маргаашийн сайхан амьдралынхаа төлөө, олон зүйлээс татгалзаж гагцхүү өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө.
  Энэ л зүтгэл хөдөлмөрийн ачаар бий болгосон таны үнэ цэнэ баялаг тань таны энэ насны сайхан амьдралд хүрэлцэхээр барахгүй үр хүүхдэд тань өвлөгдөн үлдэх
болно.  Энэ цаг дор бүхнийг огоорон зөвхөн зугаа цэнгэлийг эрхэм болговоос  үлдэх амьдрал тань үнэ цэнэгүй дутуу гуцуу байх болно. Амьдралын гашуун үнэн энэ. 
  Энэ бол залуу таны сонголт.
  Амьдрал тань үргэлж өөдрөг байж, та үргэлж дотроосоо гэрэлтэж байг.

                                                      

                                                      Залуу Нас - Жинхэнэ Гоёл

 Цаг хугацаа гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх. Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь " залуу нас гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм.


Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд  тэдэнд баярлаж, бахдан талархаж,  тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! Залуу нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг.




Comments